Home Uncategorized ТЭРБУМААР МЕДАЛ ЗАХИАЛАХЫН ОРОНД ТЭНХЭЭГЭЭ БАРСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРАА АНХААРААЧ, ГИШҮҮД ЭЭ!!!

ТЭРБУМААР МЕДАЛ ЗАХИАЛАХЫН ОРОНД ТЭНХЭЭГЭЭ БАРСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРАА АНХААРААЧ, ГИШҮҮД ЭЭ!!!

133
0

Коронавирусийн нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч, нэг өдөрт бүртгэгдэж буй шинэ тохиолдлын тоо, нас баралт гамшгийн хэмжээнд хүрээд байна.

Гэсэн хэдий ч төрийн түшээд наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойг хэрхэн тэмдэглэх зэрэг сэдэв яриад “завгүй” явна. Учир юу гэвээс өчигдрийн чуулганы хуралдаанаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тогтоолын төсөлд 150 мянган ширхэг медаль бүтээхээр төлөвлөсөн талаар төслийг санаачлагч, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хэллээ.

Улс орны нөхцөл байдал ийм хүнд байхад юун одон, медаль вэ гэж гишүүд эсэргүүцэх болов уу гэсэн хүлээлт байлаа. Гэтэл зарим нэг гишүүд “150 мянган ширхэг гэдэг тоо бага байна. Улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн төлөө хөлс хүчээ зарцуулсан ахмадуудаа шагнамаар байна” гэх нь тэр. 150 мянган медаль хүний аминаас үнэтэй юу.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох УИХ-ын тогтоолын төсөлд хийсэн зардлын тооцоололд медаль нэг бүрийн үнэ 5,000, медалийн үнэмлэх 500, үнэмлэхийн хавтас 1,000 байхаар заасан бөгөөд нийт үнийн дүн нь 975 сая төгрөг байхаар тусгасан байна.

КОВИДЫН ЭМҮҮДИЙГ ЭМД-ААР ХӨНГӨЛЬЕ

Халдварын тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн салбарт орны хүрэлцээ хангалтгүй болж буй. Манай улсад нийт батлагдсан тохиолдлын 85 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн тул цаашид эмнэлэгт бус, гэрээр эмчлэхээр болсон. Эмнэлгийн байгууллагын зүгээс хүртэл “Ор байхгүй, өөрийгөө гэрээр эмчил” гэх зөвлөгөө өгөх нь элбэг болсон. 

Тэгвэл коронавирусийн халдвар аван гэрээр эмчлүүлж буй хүн 150-200 мянган төгрөгийн эм бэлдмэл авч байна. Эдгээр эм бэлдмэлүүдийг худалдан авахад ЭМД үйлчлэхгүйгээс гадна сүүлийн үед зарим эмийн компаниуд вирусийн эсрэг эмүүдийн үнийг хөөрөгдүүлж байгаа нь нэмэр бус нэрмээс болж байна.   

УУШГИ, ЗҮРХ ОРЛУУЛАГЧ, АМЬСГАЛЫН АППАРАТЫН ТООГ НЭМЭГДҮҮЛЬЕ

Манай улсад ковидын өвчлөлийн улмаас нас баралт 400-д хүрлээ. Зөвхөн энэ сар буюу нэг сарын хугацаанд бид 193 иргэнээ халдварт өвчний улмаас алджээ. Улмаар өнөөдрийн байдлаар 193 хүний биеийн байдал нэн хүнд байна. 

Манай эмнэлгүүд энгийн үед амьсгал дэмжих аппарат, рентген аппарат хүрэлцээ ямар билээ. Коронавирусийн халдварын үед  хүн бүрийн орны дэргэд байрлах амьсгалын аппарат байхгүй. Эмнэлгийн орны тоогоор хүн бүрт зориулж бэлдэх тоног төхөөрөмж байхгүй. 

Тухайлбал улсын хэмжээнд уушги орлуулах ECMO /Extracorporeal membrane oxygenation/  аппарат Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нэг ширхэг байна. Коронавирус агаар дуслаар халдварлаж, өвчин хүндэрвэл уушгины эд эсийг гэмтээж, цусыг хүний биед хүрэлцэх хэмжээний хүчилтөрөгчөөр баяжуулж чадахгүйд хүрнэ. Ингэж уушги бүрэн ажиллагаагүй болтлоо ковид-19-ийн халдварт өртсөн үед уушги орлуулах ЕCMO аппаратад оруулах шаардлага гарна.

Улсын хэмжээнд амьсгалын аппарат 838, хүчилтөрөгчийн аппарат найм байна. 

МЕДАЛЬ ХИЙХ МӨНГӨӨР ХАЛДВАРТАЙ ТЭМЦЭЖ БУЙ ЭМЧ СУВИЛАГЧДЫГ УРАМШУУЛМААР БАЙНА

Манай улсын эрүүл мэндийн салбарт 55 581 ажилтан ажиллаж байгаа бөгөөд таван ажилтан тутмын нэг нь эмэгтэй. Цар тахлын үед голомтод ажиллаж буй эмч нарын илүү цагийн мөнгө харилцан адилгүй байгаагаас гадна зарим дүүргийн эрүүл мэндийн төвүүд өрөнд орж, хаалгаа барих хэмжээнд хүрээд байгааг эмч нарын зүгээс мэдээлсээр буй. 

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа “Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орж байна. Эрүүл мэндийн ажилчид олон цагаар ажиллаж, өвдөж туйлдаж байна. Үүнээс гадна цалин хөлс маш бага. Үйлчилгээний гэх ангилалд хамаардаг асрагч, сувилагч, нярав, жолооч гэх мэт ажилчид хагас сард 207 мянган төгрөгийн цалин авдаг. Энэ нь тэр чигтээ цалингийн зээлд суутгадаг” гэж хэлсэн юм.  

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here